Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.12.15/ болж, Д.Гялбуужамцад 14 жилийн хорих ял оноожээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлснээр “Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.