Бээжин-2022 өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчид болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын албаны хүмүүс өнөөдөр/2021.01.31/ урд хөршийг зорьж байна. Энэ удаагийн олимпод оролцох манай багийн ахлагчаар Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй тодорсон. Тэрбээр өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас төрийн далбаагаа гардан авсан юм. Энэ үеэр албаны хүмүүс олимпод манай баг тамирчдын өмсөх “Michel&Amazonka”-ийн урласан хувцсаар жигдэрсэн байсан нь хэл ам дагуулсан. Тэгвэл үйлдвэрлэгч компани болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нар дараах мэдэгдлийг гаргажээ.
Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга. Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна лээ. Орой лигийн тоглолтон дээр алдаагүй сүүлийн загвараа авчирч өгсөн. Тэгэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй төсвөөс мөнгө гараагүй гэдгийг болгооно уу? Маргааш Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцсаа өмсөөд явна. Миний буруу” гэжээ.
Харин үйлдвэрлэгч Michel&Amazonka компани “Монгол Улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг манай компани хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.
Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно. Монгол Улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх “G” үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу. Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.
Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан Монголын үндэсний олимпийн хороонд талархал илэрхийлэхийн хамт олимпийн багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно. Бид хамтдаа дэмжинэ” хэмээн тайлбарлажээ.