Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тасралтгүй чангарч, валют арилжааны гол төв болох “Найман шарга”-д нэг ам.долларыг 2856 төгрөгөөр авч, 2858 төгрөгөөр зарж байлаа.
Өнгөрсөн Бямба гаригаас эхлэн ам.долларын ханш ийнхүү өссөн болохыг ченжүүд хэлж байв. Ам.долларын ханш энэ сарын 1-ээс хойш зургаан төгрөгөөр өссөн байна. Хэдий төгрөгийн ханш суларч, үнийн хөөсрөл, инфляцийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болсон ч валют арилжааны төв энэ жил “амь” оржээ.
Хүн бараадаж, хөзөр тоглохоос өөр ажилгүй байсан ченжүүд завгүй, бүгд л их бага хэмжээгээр үйлчлүүлэгчтэй байна.
Иргэдийн хувьд ихэвчлэн ам.доллар солиулах нь нийтлэг. Хил нээгдсэнээс хойш гадаадын улс орнуудыг зорих иргэдийн урсгалыг дагаж валют худалдааны ченжүүдийн орлогын “үүд нээгдэх” шалтгаан нь болсон байна. Хэдийгээр олон хоногийн амралт дууссан ч цагаан сарын баяр хуучраагүй энэ өдрүүдэд валют арилжааны төвүүдийн үйл ажиллагаа аль хэдийнэ жигдэрчээ.
Сар шинийн баярын өмнө битүүний өдөр хүртэл үйлчлүүлэгч ихтэй, цагаан сарын баяраа гадаадад амарч, тэмдэглэхээр валют солиулах хүмүүсийн хөл хөдөлгөөн тасраагүй. Баярын дараа ч бас амарч зугаалах бас сурах, худалдаа эрхлэх хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнийг ченжүүд хэлж байв.