орьдугаар зууны үеийн төрийн тэргүүн нарын лимузин дуудлага худалдаанд орох нь ховорхон байдаг. Учир нь ийм машинуудыг музейд тавих буюу төрийн албанд харьяалах нь элбэг. Мэдээж цөөн хэд нь хувийн цуглуулгад байдаг.
Тэгвэл хэдхэн долоо хоногийн дараа Ю.Цэдэнбалын унаж байсан 1967 оны Зил-114 маркийн лимузинг Парис хотноо “Artcurial Retromobile 2022” дуудлага худалдаанд оруулах болжээ.
Зил-114 лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Энэ нь зургаан хүний суудалтай, долоон литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй юм.
“Artcurial Retromobile 2022”-д ирэх сард дуудлага худалдаанд оруулах лимузингийн хувьд 1967 оны эхэн үеийн загвар бөгөөд “БНМАУ-ын төрийн тэргүүнийх байсан” гэж дуудлага худалдааны газраас мэдэгджээ. Уг лимузин нь “УБ0001” улсын дугаартай байсан ба 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд байсан.
Дуудлага худалдааны газраас мэдээлснээс үзвэл, Ю.Цэдэнбалын үед ЗХУ-аас гадаадын удирдагчдад бэлэглэсэн цөөхөн Зил-114 лимузингийн нэг нь уг машин байж болзошгүй. Тухайн үед Улаанбаатар хотод төрийн албаны хоёроос цөөнгүй Зил-114 байсан гэх мэдээлэл байдаг ажээ. Зил-114-өөс гадна ГАЗ 13 Чайка зэрэг хэд хэдэн машин Ю.Цэдэнбалд байсан гэдэг. Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, Зил-114 лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.
Дуудлага худалдааны газар энэхүү Зил-114 машиныг 46-67 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.