Амьдралын минь түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон ААВЫГАА БИ САНААД БАЙНА…
СТА, дуучин С.Бичүүгийн ‘Аавыгаа би санаад байна’ дуу олон нийтийн хүртээл болоод удаагүй байгаа ч сошиал орчинд хамгийн их хандалттай уран бүтээл болж байна. Коронавирусийн цар тахлаас үүдэж, дуучид, уран бүтээлчид төдийлөн шинэ уран бүтээл туурвиж чадахгүй байгаа энэ цаг үед аавыгаа санасан, аавдаа хайртай хүн бүр энэ дууг амандаа аялж, сонсох дуртай уран бүтээлийнх нь нэг болжээ. Аавын тухай уран бүтээл яг үнэндээ тийм ч олон байдаггүй. Тийм учраас дуучин С.Бичүү цахим хуудаснаа: ‘Би аавыгаа бурхан болоход ааваа хүү нь таныгаа дуулж явах болно гэж амлаж байсан юм. Амлалтаа одоо л нэг биелүүллээ. Хэлсэн үг, үйлдэл бүр нь ухааруулж байдаг энэ ертөнцийн эрхэм аавуудад энэхүү уран бүтээлээ зориуллаа. Хүн бүрийг аавыгаа хайрлаж яваарай’ хэмээн бичсэн байна. Аливаа уран бүтээл гэдэг багийн хөдөлмөр, үр дүн байдаг. Тиймээс олон нийтийн сүлжээнд хит болж байгаа ‘Аавыгаа би санаад байна’ хэмээх дууны аяыг Монгол улсын УГЗ Л.Балхжав, үгийг Монгол улсын СГЗ Ш.Гүрбазар бичжээ. Өөрөөр хэлбэл тэд бол С.Бичүүгийн олон сайхан хит дууных нь алтан портнёрууд юм. Энэ дууны дүрсжүүлэлт нь 1990-ээд оны дунд үеийн аж амьдралыг тодхон харуулсан төдийгүй олон хүний бага насыг санагдуулж, богино хэмжээний кино (шорт фильм) мэт уран дүрслэл, өгүүлэмжтэй болжээ.