УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр /2022.03.25/ татан авчээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн юм. Одоо үйлчилж буй хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн төсөл санаачлагчид дээрх хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй, харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга тусгасан нь олны шүүмжлэл дагуулж байлаа.
Уг хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулья.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Гэхдээ эдгээр асуудлыг шийдлээ гээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Бизнес эрхлэгч нар Монголын олон хууль тогтоомжид тээг байгааг хэлдэг. Үүнийг арилгахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж ярьдаг. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их том айдас бол авлига, төрийн дээд албан тушаалтнуудын дээрэм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хуулийг би дэмжихгүй байгаа. Уг хуулиар бол гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын босгыг авч хаяад, 50 мянган ам.долларын хөрөнгө оруулаад Монголд оршин суух виз авчих юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд байр худалдаж авсан гадаад нөхөр тэр байраа үзүүлээд л болоо. Тиймээс би энэ заалтаас болгоомжилж байна. Хөрөнгө оруулагчдыг татахдаа өөрсдийнхөө хийж чадахгүй зүйл дээр л татна уу гэхээс хэт хавтгайруулж, босго хэмжээг нь авах шаардлаггүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалт бол бодлогоор зохицуулагддаг. Тодорхой шалгуурууд байх ёстой. Тэгэхгүй бол болохгүй. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг далбаан доор дэвээд байж болохгүй. 50 мянган ам.доллар гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа монголчуудаа эхлээд өөд нь тат.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монгол Улс арван жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын эдийн засагт гацсан. Эдийн засгаа тэлэх гуравхан арга бий. Экспортоо нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламжийг авах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтаар Монголд ам.доллар орж ирнэ. Ингэснээр Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нь хийнэ. Үүний дараа эдийн засаг тэлнэ. Монголд ам.доллар орж ирэхгүй бол нөөц дээр байгаа эх үүсвэр ширгээд, борцлогдсон тохиолдолд зах зээл рүү мөнгө нийлүүлээд ч тэр нь инфляци болно. Экспорт нэмэх гэсэн далайд гарцгүй. Ганцхан худалдан авагч болох Хятад хориг тавихаар нүүрсээ зарж чадахгүй байна. Гаднын зээл тусламж авахаар Монголд тусламж авдаг улс байхаа больсон. 2013 онд НҮБ-ын бага буурай орны ангиллаас дунд хөгжилтэй орон руу шилжээд, тусламж хүлээж авахаа больсон. Одоо ганцхан зээл л авна. Гэтэл Монгол Улсын зээлийн өрийн хязгаар нь дээд цэгтээ тулсан. Тиймээс эдийн засгаа тэлэх ганц боломж нь гадаадын хөрөнгө оруулалт. Өөр ямар ч арга байхгүй. Тиймээс бидний хувьд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр арга байхгүй. Жижигхэн эдийн засагтай, Үндэсний аюулгүй байдал гэж том том ярьдаг улстөрчидтэй улсад гаднын хөрөнгө оруулалт ганц гарц нь шүү. Эдийн засгийн бэхжилтээс Монгол Улсын оршин тогтнох, тусгаар байдал шууд хамаарна.