Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуулийн төслийг өргөн барихдаа “Багц хуулийн төсөлд нийтдээ таван төсөл багтаж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай гэсэн таван төсөл.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулалтыг нь тайлагнах, хяналт тавих гэх мэт ерөнхий асуудлуудыг тусгаж байгаа. Мөн өнөөдрийн тогтолцоог өөрчилж 2030 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, түүнээс хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд орно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтыг оруулсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд өнөөдрийн ерөнхий зохицуулалтыг нь хэвээр хадгалсан. Харин нэмээд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлж байгаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн осол гаргаагүй ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, урамшуулах олгох зохицуулалт тусгасан.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагч нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг тусгасан” гэж байсан юм. Гэвч Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа УИХ-д өргөн бариад байсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцааж татах шийдвэр гаргасан байна.