Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч, харилцагч зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэн тухайгаа холбогдох баримтын хамт, зээлийн гэрээний хугацаа сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой.
Иргэд энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ СЗХ-ны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар гаргах юм.
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд Засгийн газар, СЗХ-ноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж байна.
Дэлхий дахинд тархаад буй коронавируст (Covid-19) цар тахлын улмаас Монгол Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмийг энэ оны 11 дүгээр сарын 11-нээс тогтоосон. Энэ давагдашгүй хүчин зүйлийн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгаа.
УИХ-аас баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 18-ны ‘Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай’ тогтоолд ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгасан.
Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацаа сунгах зохицуулалтыг ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэл өгсөн.
СЗХ-ноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгоод байгаа.