УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ‘Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдээд байна. Уг хууль 2012 онд батлагдсан. Дараа нь 2018 онд шинэчлэн баталсан.
Хуулиар дараах таван зүйлийг өөрчлөх гэж байна.
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдолд хуулиар эрхтнээ өгч чадахгүй байна. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна.
- Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байгаа иргэдийн мэдээллийг олон нийтийн хяналттай цахим болгоно.
- Амьгүй донор гэж ярьдаг. Нэг цогцсоос зургаан хүний амь насыг аврах боломжтой. Амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг даадаг болно.
- Донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмж байна
- Эрүүл Мэндийн Яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай. Цалинтай биш мэргэжлийн байгууллага гэдгийг хэлмээр байна.
Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй
Гадаадын орнуудад тухайлбал, жолооны үнэмлэх дээр нь хэрвээ ямар нэгэн аваар осолд орвол эс, эд, эрхтнээ өгөхөд бэлэн гээд гарын үсэг зуруулдаг. Манай улсад Донорын тухай хуулиар өөрөө зөвшөөрвөл донор болгодог. Зарим оронд үгүй гэж хэлээгүй бол зөвшөөрсөнд тооцох тохиолдол бий.
Тархины үхлийг 100 хувь алдаагүй тогтоох ёстой. Ямар нэг байдлаар сэргэх хүнийг донор гээд авбал яана. Тиймээс нарийн мэргэжлийн хөндлөнгийн баг тодорхойлдог. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг биш харин мэдрэлийн баг оролцдог. Улмаар ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшөөрөл авдаг юм.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг манай улсад бий учир амьгүй донороос эрхтэн шилжүүлэх боломж бүрдээд байгаа. Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй. Эрхтэн шилжүүлэх насыг 21 болгон өөрчлөх юм’ гэлээ.