ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт удахгүй эхлэх “Восток 2022” цэргийн сургуулилалтад оролцох болсноо Хятадын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.
Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох энэхүү сургуулилалтад Энэтхэг, Беларусь, Тажикистан, Монгол улсын цэргүүд бас оролцох юм.
Хятадын батлан хамгаалах яамны мэдэгдэлд үүнийг “өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй” гэж тайлбарласан нь Украины хямралыг хэлсэн бололтой.
“Оролцогч орнуудын зэвсэгт хүчинтэй ажил хэрэгч, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, төрөл бүрийн аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх нь сургуулилалтын зорилго юм” гэж уг мэдэгдэлд бас тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters