Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож, хаана гэж мэдэгдсэн. Гэвч эдгээр дээд сургуулийн зарим нь сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шинээр оюутан элсүүлж байна. Тиймээс энэ удаа тусгай зөвшөөрлөө цуцлуулж буй дээд сургуулиудыг зорин очиж сурвалжиллаа.
Зарим дээд сургуулийн хувьд хаврын элсэлтээ аль хэдийнээ хийж дууссан үед сайд мэдэгдэл хийснээс болж үйл ажиллагаагаа явуулах хэцүү, үүдээ хаах хэцүү болсон тухайгаа учирлаж байв.
Харин аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Газарчин” дээд сургууль үйл ажиллагаагаа зогсоожээ. Хичээлийн байр нь эл хуль, эзэнгүй угтав. Сургуулийн удирдлагаас тодруулахад “Салбарын сайдын мэдэгдлийн дагуу бүртгэлээ зогсоосон. Хүүхдүүдээ ийш тийшээ шилжүүлэх асуудлаа ярилцаж байна. Бид яамныхаа шийдвэрийг дагана” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Дараагаар нь байгаль орчны гэх тодотголтой “Эко Ази” дээд сургуулийн зүгээс их засвар хийж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинээр оюутан элсүүлж байгаа. Манайх Улаанбаатар эрдэм их сургуулийн бүрэлдэхүүн сургууль учраас үйл ажиллагаа хэвийн явуулна” гэдэг хариултыг өгөв. Мөн “Маргад” дээд сургууль шинээр оюутан элсүүлж байгаа бөгөөд хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэх шийдвэр гаргасан.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээх бол оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцах боломжтойг албаныхан хэлж буй.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас дөрвөн жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг.Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн. Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно. Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй” гэдгийг мэдэгдсэн.
“ДАЛАЙ ВАН” КОЛЛЕЖ, “ТҮШЭЭ” ДЭЭД СУРГУУЛИИАС 120 ОЮУТАН ИРСЭН”
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрладаг “Далай ван” коллеж болон “Түшээ” дээд сургууль нь Идэр их сургуультай нэгтгэсэн. Тодруулбал, “Далай ван” коллежийг “Идэр” их сургуулийн салбар сургууль болгон нэгтгэх салбарын сайдын тушаал 2022 оны тавдугаар сарын 19-нд гарсан бол “Түшээ” дээд сургуулийг нэгтгэх тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарчээ.
“Идэр” их сургууль нь 2000 оюутан суралцагчтай бөгөөд дээрх хоёр сургуулийг нэгтгэснээр “Далай ван” коллежоос 40, “Түшээ” дээд сургуулиас 80 оюутан, 10 багш нэмэгдсэн гэдгийг сургуулийн удирдлага хэлсэн юм.
“11 СУРГУУЛИЙГ ХААЖ, 10 СУРГУУЛИЙГ БУСАД ИХ СУРГУУЛЬТАЙ НЭГТГЭСЭН”
“Идэр” их сургуулийн захирал Д.ЗОРИГТ:
-Монголын их дээд сургуулийн тоог цөөрүүлж, чанаржуулахын тулд 21-ээр багасгаж, нэгтгэж байна гэдэг бодлогыг дэмжиж байгаа. Харин яамны мэдээлэлд утгын алдаатай байсан. Учир нь 21 сургуулиас 13-ынх нь үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад их сургуультай нэгтгэсэн гэсэн. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоосон 13 дээд сургууль дотор “Далай ван”, “Түшээ” дээд сургууль сайдын тушаалтайгаар “Идэр” их сургуульд нэгдсэн. Тэгэхээр энэ хоёр сургуулийн үйл ажиллагаа зогссон бус үйл ажиллагаа нь “Идэр” их сургуультай нэгдэн үргэлжилж буй. Тэгэхээр 11 сургуулийн үйл ажиллагааг зогсоож, 10 сургуулийг бусад их сургуультай нэгтгэсэн гэж мэдээлэх байсан.
Гурван дээд сургуулийг нэгтгэснээр байр талбайн хүндрэл гараагүй. Зай талбай хангалттай байгаа. Нэршлийн хувьд “Идэр” их сургуулийн “Далай ван” коллеж биш “Идэр” их сургуулийн Хөвсгөл аймаг дахь салбар гэж хэлнэ.