Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.
Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо:
-Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хэдийнээс сайхан харилцаатай байж ирсэн. Хоёр улсын хувьд 50 жилийн түүх бүхий найрсаг харилцаатай. Өнгөрсөн 50 жилийн үндэс суурийг нь бэхжүүлсэн хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа дараагийн 50 жилд хэрхэн улам бэхжүүлж, өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсон чухал ач холбогдолтой уулзалт байлаа хэмээсэн юм.
Мөн Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Шимомүра Хакүбүн:
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай сонслоо. Японд Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Харин Монгол Улсад Засгийн газрын 17 гишүүнтэй байлаа гэж бодоход түүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрдөг юм байна. Ийм бага харьцаатай байхаар Засгийн газар болон УИХ хоорондын харилцан ойлголцол жаахан түвэгтэй болж, бодлогын уялдаа холбоонд бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд Засгийн газрын бүх гишүүн давхар Парламентын гишүүн байдаг. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Япон улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд танай улсаас сурах зүйл байна хэмээн тодотголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын 30 орчим жилийн түүхэнд Япон улсын хөрөнгө оруулалтаар буй болсон бүтээн байгуулалтууд нь өнгө үзэмж, чанар чансааны хувьд дээд зэрэглэлийнх төдийгүй япон стандарт хэчнээн гайхалтай байдгийг бид бүхэнд бэлхнээ харуулсан. Хамгийн сүүлд өргөн далайцтай өрнөсөн бүтээн байгуулалтад Чингис хаан олон улсын нисэх буудлыг дурдаж болох юм. Манай хотын нүүр царайг чимж, хүч чадлыг илэрхийлсэн олон бүтээн байгуулалт бий. Цаашдаа дэд бүтэц, санхүү, цахим хөгжлийн салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох талаар ярилцаж байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы парламентын 12 гишүүн, 86 удирдах албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хүрэлцэн ирлээ. Цаашид манай хоёр улсын харилцаа улам нягтарч, бид Японы хөгжилд хүрэхийн төлөө ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын төдийгүй хоёр улсын эрх барих дээд байгууллагын дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны эхлэл боллоо” хэмээн өгүүлсэн юм.
Уулзалтын үеэр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг одоогоос хэдэн жилийн өмнө УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн даргаар амжилттай сайн ажилласныг дурсан өгүүлж байлаа.