Зөвлөлт Холбоот Улсын поп хөгжмийн хатан хаан асан Алла Пугачева өчигдөр Оросын эрх баригчдын Украинд явуулж буй дайныг хатуу шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн дайныг эсэргүүцсэн, шүүмжилсэн хүмүүсийг шийтгэх хатуу хууль ОХУ-д үйлчилж байгаа.
Уг хуулийн дагуу есдүгээр сарын 16-нд Пугачевагийн нөхөр Максим Галкин “гадаадын тагнуул” гэгдэж, эх орноосоо урвагчдын жагсаалтад нэр нь бичигдсэн юм. “Гадаадын тагнуул” ангилалд орсон хүмүүс олон төрлийн эрхээ хасуулдаг.
“Би нөхөртэйгөө үзэл бодол нэг байгаа тул намайг ч бас гадаадын тагнуул ангилалд оруулж өгөхийг хүсэж байна” гэж 73 настай Пугачева өчигдөр Инстаграм хуудсаараа мэдэгджээ.
Тэрбээр өөрийн нөхрийг эх орноо энх тайванч, эрх чөлөөтэй улс болгож, утга учиргүй дайнд залуусын амь насыг үрэхийг зогсоохын төлөө тэмцэгч гэж тодорхойлсон байна.
Пугачева бас дайн Оросын ард түмний аж амьдралыг сүйтгэж, улс орныг дэлхийн тавцанд ганцаардуулж буйг энэ үеэр шүүмжилжээ. Гэхдээ тэр “дайн” гэсэн үгийг шууд хэрэглэхээс зайлсхийсэн байна.
Оросын хамгийн алдартай эмэгтэй гэгддэг Пугачевагийн хийсэн энэ мэдэгдэл тус улсын элит хүрээнийхний дунд Украины дайны хувь заяанд санаа зовох явдал нэмэгдсэнийг харуулж байгаа юм.
Пугачева саяхан Зөвлөлтийн сүүлчийн удирдагч агсан Михаил Горбачевыг нас барахад түүнийг “эрх чөлөөг дэмжигч, хүчирхийллийг үгүйсгэгч хүн байсан” хэмээн магтаж байв.
Эх сурвалж: Reuters