Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Цагаан ордноос явах тухай анх удаа ам нээсэн байна.
Ирэх долоо хоногт АНУ-ын мужуудын сонгуулийн төлөөлөгчид Жо Байденд саналаа өгвөл тэр Цагаан ордныг орхин явах гэнэ.
Тус улсын үндсэн хуулийн дагуу ирэх долоо хоногт муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид хэн ерөнхийлөгч болохыг эцэслэн шийдэх юм. Гэхдээ энэ шийдвэр жирийн сонгогчдын саналыг баталгаажуулдаг тул урьдчилсан дүн хэвээр хадгалагдах нь тодорхой. Төлөөлөгчдийн саналыг конгрессийн хоёр танхим баталснаар шинэ ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх боломжтой болно.
‘Тэд хэрвээ Байденыг сонговол алдаа болно. Учир нь энэ сонгууль будлиантай болсон’ гэж хэлсэн Трамп үр дүн Байдены талд гарвал ‘Мэдээж би Цагаан ордноос явна’ гэж мэдэгджээ.
“Будлиан, луйвар ихтэй сонгууль болсон тул ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байна’ гэж хэлснээс харвал тэр Цагаан ордныг орхисон ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр үлдэх магадлалтай байна.
Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон сонгуульд хамгийн цөөндөө 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болох юм. Нийт 538 төлөөлөгчийн саналаас сүүлийн байдлаар Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден 306, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 232 санал аваад байна.
Эх сурвалж: ТАСС