УОК өнөөдөр хуралдаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн өвөл, хавар бэлчээрийн даац монгол орны нийт нутгийн 70%-д хүрэлцээтэй байсан бол энэ жилийн хувьд 40%-д хүрэлцээтэй, үлдсэн 60%-д бэлчээрийн даац хэтэрсэн дүн мэдээтэй байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9% нөөцтэй, 15.6% бэлчээр хүрэлцээтэй, 34.4% даац 1-3 дахин хэтэрсэн, 18.4% нь олон дахин хэтэрсэн.
Аравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл их, 40 хувьд дунд зэрэг, 20 хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй дүн мэдээ гарсан.
Энэ жил улсын хэмжээнд 188.6 мянган малчин өрхийн 71.2 сая хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа.
Мөн 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор зургаан чиглэлд өвөлжиж, хаваржих тоон мэдээлэл гарсан байна” хэмээн танилцууллаа.