Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын хамт олон ‘Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё’ уриан дор нэгдлээ. Энэ хүрээнд нийслэл хотынхоо нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган албан үүргээ гүйцэтгэж байгаа жолооч нар, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн эрсдэл үүрэн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчиддаа сэтгэлийн хандив болгон 20 000 амны хаалтыг бэлэглэв. Хандивыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хүлээлгэн өгч, дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд болон нийтийн тээврийн, Хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад талархал илэрхийлэв. Эдгээр амны хаалтыг Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 21 байгууллага, нийтийн тээврийн 19 байгууллага, хяналтын төрийн бус байгууллага зэрэг 46 байгууллагын 3000 орчим ажилтанд энэ үеэр тарааж өгсөн байна.