Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр нийслэлд арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул авто замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгах, зам талбайн цэвэрлэгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Өчигдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд нийслэлийн иргэд та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.