ЗГ: ЗАРИМ ОФФТЕЙК ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.00 цагт Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим оффтейк /off take/ гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн бөгөөд түүнийг нь хэлэлцэж, Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар 09:00 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэж, энэ асуудалтай холбогдсон хүмүүст хариуцлага тооцохоор ажиллаж байгаа ч иргэдийн зүгээс Сүхбаатарын талбайд таван өдөр жагсч буй. Мөн өнөөдөр ч жагсч, нүүрсний хулгайчдын нэрсийг зарла хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд буй.