Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар прокурорын байгууллага БНХАУ-ын талтай хэрхэн мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Юуны өмнө эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх ажиллагаа гэж юу болох, хэрхэн явагддаг талаар товч ойлголтыг өгөх нь зүйтэй байх.
Эрүүгийн хэргийг шалгахад гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хүнээс мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, холбогдох байгууллагаас тодорхой асуудлаар мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хүргүүлдэг.
Тодруулбал мөрдөгчөөс эрх зүйн туслалцаагаар гадаад улсаас авах мэдээлэл, хийгдэх тодорхой ажиллагааны талаарх хүсэлтийг прокурорт ирүүлж, прокурор тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагад нь хүргүүлж хамтран ажилладаг.
БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газруудаар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн” гэв.