Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн бөмбөг тэслэх салбар нь төмөр зам гэдгийг тодотгосон. Тэгвэл өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан байна. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулах юм байна.
Эх сурвалжаас энэ талаар тодруулахад С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.