Олон оронд өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Анх 1910 онд хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор энэ өдрийг тэмдэглэжээ. Тэгвэл үүнээс хойших 100 жилд юу өөрчлөгдөв?
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг Дэлхийн эмэгтэйчүүдийн өдөр хэмээн зарлажээ. 1908 онд АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянган эмэгтэй ажлын цагаа бууруулах, цалингаа нэмүүлэх, сонгуульд санал өгөх эрхийн төлөө нэгдсэн түүхтэй.
Үүнээс нэг жилийн дараа тус улсын Социалист нам өнөөдрийг Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр болгосон байна. Америкийн коммунист үзэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Клара Зэткин 1910 онд Америкт тэмдэглэдэг энэ өдрийг дэлхий дахины анхааралд оруулжээ. Тэрээр Копенгаген хотод болсон, олон улсын хуралд энэ санаагаа дэвшүүлэхэд 17 улсаас ирсэн 100 эмэгтэй түүний саналыг бүгд дэмжсэн байна.
Ингээд 1911 онд Австри, Дани, Герман, Шведэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны үйл ажиллагаа болжээ.
НҮБ жил бүрийн энэ өдөрт зориулан өөр өөр уриалга гаргадаг. Энэ оны уриалга нь “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж, өөрчлөлтийг хурдасгая”.
Улс орнуудад энэ өдрийг эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэмд эзэлж буй байр суурийн талаар хэлэлцэн өнгөрүүлдэг. Мөн зарим оронд хүйсийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсаар байна.
Яагаад гуравдугаар сарын 8 гэж?
Клара Зэткинд дэлхийн эмэгтэйчүүдийн өдрийг хэзээ тэмдэглэх талаар тодорхой төлөвлөгөө байгаагүй аж. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр буюу 1917 онд оросын ажилчин эмэгтэйчүүд “Талх, энх тайвныг хүсэж байна” гэсэн уриалга гаргаж, жагсжээ. Энэ жагсаалын дөрөв дэх өдөр оросын хааныг хаан ширээнээс нь буулгасан түүхтэй.
Шинээр байгуулагдсан түр Засгийн газар эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон байна. Орос эмэгтэйчүүдийн жагсаж эхэлсэн өдөр Григорийн он тооллоор гуравдугаар сарын 8 байв. Иймд олон оронд энэ өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Харин БНХАУ-д энэ өдөр эмэгтэйчүүд хагас өдөр ажилладаг байна. Мөн энэ өдөр дэлхий даяар цэцгийн худалдаа хоёр дахин өсдөг. Италид энэ өдөр эмэгтэйчүүдэд гамба цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Харин АНУ-д эмэгтэйчүүдийн амжилтыг жагсаасан мэдэгдлийг жил бүр танилцуулдаг.
НҮБ: Афганистанд эмэгтэйчүүд сурах эрхийн төлөө тэмцсээр байна