Тажикстаны Душанбе хотод олон улсын жүдо бөхийн цуврал “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө.
65 орны 400 орчим тамирчин оролцсон тус тэмцээнийг манай баг нэг алт, нэг хүрэл, дөрвөн шагналт байр эзэлсэн амжилтаар дуусгав. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хоосон үлдлээ. Тус тэмцээнээс 23 орны жүдоч медаль хүртсэний 10 нь алт авчээ. Швейцарь, Австри, Италийн баг тус бүр хоёр алтан медаль авсан амжилтаар хүснэгтийг тэргүүлэв.
Дараагийн тэмцээн энэ сарын 10-нд Казахстаны Нурсултан хотод эхэлнэ. Олимпын өмнөх сүүлчийн “Их дуулга” гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 89 орны 505 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин зодоглох нь ээ.