Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Амлалтаа биелүүлье. Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриа дор тэмдэглэхээр болжээ. Мөн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн аливаа практикийг хориглох, устгах үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсад 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй 138500 хүүхэд бий гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг. Хүүхдийн хөдөлмөрийг хөвгүүд зонхилон эрхэлдэг.
Тодруулбал, 5-17 насныхан дунд таван хөвгүүн тутмын нэг нь, найман охин тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг аж. Байршлаар нь авч үзвэл нийслэлд дээрх насны 10 хүүхэд тутмын нэг нь, орон нутагт гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь аюултай ажил хийдэг аж. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх байдаг.