‘Ковид-19’ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс ‘Хүннү эйр’, ‘Аэромонголиа’ дотоодын агаарын тээвэрлэгч авиа компаниуд тээвэрлэж эхэллээ. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн ч нислэг үйлдэгдэж байна.
‘Буянт-Ухаа’ ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсээр байна.
Нисэх буудал нь орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллаж байна. Ойрын өдрүүдэд Ховд, Алтай, Улиастай, Өлгий, Баянхонгор, Увс, Даланзадгад, Мөрөнгийн чиглэлд тус бүр нислэг гүйцэтгэхээр төлөвлөж, агаарын тээврээр зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Дашрамд дурдахад, агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд Аэро Монголиа” компанийн 7010 3030, ‘Хүннү Эйр’ компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ. Ингэхдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариугаа авсан байх шаардлагатай юм.