Баянзүрх дүүргийн 14-р хорооны ‘Аманхуур-1’ хотхоноос өнгөрсөн арваннэгдүгээр сард коронавирус илэрсэн нь батлагдсан билээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ‘Аманхуур-1’ хотхоны дөрвөн орцонд хөл хорио тогтоож иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, батлагдсан тохиолдол, түүний хавьтлуудыг тусгаарлалтад авч, байрны оршин суугчдаас шинжилгээ авсан байна. Мөн ойр орчмын дэлгүүрийг ч хааж, ариутгал хийж, цагдаагийн хамгаалалт гарчээ. Харин 2 хоногийн өмнөөс гурван орцны хамгаалалтыг сулруулж иргэдийн орж, гарах хөдөлгөөн нээлттэй болжээ. Гэвч халдвар илэрсэн орц хамгаалалтад байгаа ч хогийг нь ачихгүй өнөөдрийг хүртэл үүдэнд нь овоолсоор ийм байдалтай болжээ.
Ийм нөхцөлд халдвар хамгаалалт, ариун цэврийн ямар дэглэм барьж буй нь тодорхойгүй. Одоог хүртэл хөл хорионоос хэзээ гарах нь мэдэгдэхгүй иргэд, орцны үүдэнд гаргаж овоолсон хог, хогны дэргэд хамгаалалтад зогсох цагдаа нар л байгаа аж. Халдвартай бүсийн хогийг тусад нь ачдаг байж мэдэх хэдий ч орцны үүд нь хогондоо дарагдсан ийм байдалтай ‘Аманхуур’ хотхоныхон 10 орчим хонож байна.