Сингапурт болж буй шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын 11 дэх өрөгт Энэтхэгийн шатарчин Доммараж Гукеш Хятадын их мастер Дин Лижэнийг хожсон байна.
Гукеш цагаанаар, Дин Лижэн хараар тогложээ. Хоёр шатарчин Ретигийн гараагаар эхэлж, Блюменфельдын гамбитад шилждэг өргийг сонгон тоглосон бөгөөд өрөг 29 дэх нүүдэл дээр дууссан байна. 11 дэх өргийн дараах байдлаар онооны харьцаа 6:5 болж Гукеш тэргүүлж эхэллээ. 12 дахь өрөг 12 дугаар сарын 9-ний даваа гарагт 17:00 цагт эхэлнэ.
Хоёр их мастер нийт 14 өрөг тоглох бөгөөд эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/ зарцуулах ёстой. Хэн нэг нь 14 дэх өргөөс өмнө 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодорно. Харин оноо тэнцсэн тохиолдолд 12 дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулах юм.
Өдгөө 32 настай Дин Лижэний хувьд дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн онд Оросын их мастер Ян Непомнящийг түргэн тоглолтоор хожиж, аварга болсон юм. Норвегийн шатарчин Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалахаас татгалзсанаар Дин Лижэн аваргын төлөөх тоглолтод оролцох эрх авсан байна.
Гукеш 18 настай. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард нэр дэвшигчдийн тэмцээнд хожсон юм. Уг тэмцээнд оролцох үедээ тэрбээр 17 настай байсан бөгөөд эл тэмцээнд хожсон түүхэн дэх хамгийн залуу шатарчин болсон билээ. Гукеш мөн есдүгээр сард Энэтхэгийн багийн бүрэлдэхүүнд дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо 10 өрөг тоглож 9 оноо авч түрүүлжээ.