ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар хариулсан юм.
-Коронавирусний халдвартай хүмүүсийн эмчилгээний орыг нэмсэн үү?
Д.Нарангэрэл: ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг эмчлэх ор хүрэлцээтэй байгаа. Мөн Яармагт 300 ортой эмнэлэг бий. Аймаг, орон нутагт өвчтөнүүдийг эмчилж байгаа. Тухайлбал, Дархан-Сэлэнгэ аймаг байна. Тэгэхээр улсын хэмжээнд эмчилгээний болон эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа.
-Вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийг хэрхэн хянаж байна вэ?
А.Амбасэлмаа: Хүмүүсээ ХӨСҮТ-д вирус илрэхгүй болтол нь байлгана. Үүний дараа сувиллын 14 хоногийн ажиглалтад шилжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2 удаа шинжилгээ авна. Тэгээд гэрийн ажиглалтад 14 хоног байлгах бөгөөд энэ үед нь түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалганд хаяг шошго наахгүй.