УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тус хуулийг шинэчлэхдээ,
-Холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй,
-“Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангиллаар тодорхойлдог байх,
-Эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг Төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагаанаас тусгаарлах,
-Монголбанкнаас эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьжээ.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийнхний мэдээлснээр, Эрдэнэсийн санд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа аж.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг арвижуулах чиглэлээр Улсын Их Хурлаас 2.0 тэрбум төгрөгийн төсвийг баталсан байна. Тодруулбал, 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөгөөр тус тус Эрдэнэсийн санг баяжуулжээ.
Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох Эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсч болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан байна.