Вашингтоны засаг захиргаанд ажиллаж буй халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучи өнгөрсөн Бямба гарагт CNN сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, коронавирусийн цар тахлын талаар иргэдийн асуултад хариулжээ.
Энэ үеэр хүүхдүүд шууд нэвтрүүлэгт холбогдож, Санта Клаус арванхоёрдугаар сарын 25-ны шөнө айлуудад ирж чадах эсэхийг асуусан байна.
‘Би та нарыг гомдоохгүйн тулд түрүүлж арга хэмжээ авсан. Саяхан би умард туйлд өөрийн биеэр очиж, Санта Клауст вакцин хийж өгөөд ирлээ. Одоо түүнд дархлаа тогтсон тул ажилд нь саад тохиолдохгүй’ гэж доктор Фаучи хариулжээ.
Тэрбээр цааш хэлэхдээ ‘Тэр яндангаар орж ирээд бэлгийг чинь үлдээгээд явах болно. Үүнд санаа зовох хэрэггүй’ хэмээн хүүхдүүдийг тайтгаруулсан байна.
Коронавирусийн цар тахлын шинэ давалгаа эхэлсний улмаас Умард Америк, Европын олон орны иргэд хорио цээрийн дэглэмд зул сарын баяраа угтах болоод байгаа юм.
Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ Covid-19 өвчнөөр алдсан АНУ-д хүн амыг вакцинжуулах ажил эхлээд долоо хонож байна.