Нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар : Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс хуралдсан бөгөөд Засгийн газар мөн хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд засаг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.
Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна. Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдвар тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хорио тогтоогоод байна. Жишээлбэл, Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна.
Шинэ жилийн үеэр олон хүн цугладаг. Үүнийг дагаад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж олон орон уг арга хэмжээг хориглож байна. Дэлхий нийтээр вакцинжуулалтад ихээр анхаарал хандуулж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд ДЭМБ–ын суурин төлөөлөгчийг хүлээн авч, вакцинжуулалтын ажлын явцын талаар ярилцаж байна. 2021 оны нэгдүгээр улиралд нийтийг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэртээ байх нь хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв арга юм гэлээ.