Засгийн газраас нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэрийг даваа гарагт гаргасантай зэрэгцээд зарим иргэд согтууруулах ундаа, шар айргийг их хэмжээгээр худалдан авч буй зураг цахим орчинд тархсан билээ.
Үүнийг хүмүүс ‘хууль бусаар согтууруулах ундааг дамлан худалддаг шагийн наймаачид ийнхүү ихээр авч байгаа. Өмнөх хөл хорионы үед шагийн архи, согтууруулах ундааны үнэ хэд дахин өссөн. Энэ удаагийн хөл хорионы үед 18 градусаас бага согтууруулах ундааг хорихгүй байх нь зөв’ гэж шүүмжилж байсан юм. Харин Нийслэлийн онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үеийн зэрэгт шилжсэн өдрүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээндээ 18 градусаас доош согтууруулах төрлийн ундааг хорихгүй байхаар шийдвэрлэснээ танилцуулсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус шийдвэрийг сонссон иргэд их хэмжээгээр авсан согтууруулах төрлийн ундаагаа буцаах хүсэлтийг холбогдох худалдааны төвд тавьсан байна. Манай улсын хувьд худалдан авсан согтууруулах ундаагаа буцаах үйлчилгээ байхгүй бөгөөд өнгөрсөн хөл хорионы үеэр архи, согтууруулах ундааг нууцаар худалдаалсан 62 этгээдийг 7-30 хоног баривчлан саатуулсан юм.