Дональд Трампыг өнгөрсөн шөнө туслахууд нь хүртэл орхиж, тэрбээр Цагаан ордонд орь ганцаар шөнийг өнгөрөөжээ.
Трамптай хамгийн ойрын харилцаатай хүмүүс хүртэл хожим Конгрессийн мөрдөн байцаалтад орооцолдохоос эмээж түүнтэй холбоо барихаас зайлсхийх болсон гэнэ. Мөн туслахууд нь ч гэсэн түүнийг том асуудалд орооцолдсон учир цаашид хамтран ажиллахаас татгалзах болжээ. Түүгээр зогсохгүй Трампыг дахин ямар нэг эсэргүүцлийн хөдөлгөөнд ард иргэдийг турхирахаас сэргийлж твиттер, фэйсбүүк зэрэг платформууд түүний албан ёсны хаягуудыг түр хугацаагаар хаасан.
Тиймээс Трамп өнгөрсөн шөнө Цагаан ордонд нийгмийн цахим сүлжээнд нэвтрэх эрхгүй, 2024 онд дахин өрсөлдөх найдваргүй болж ганцаараа зурагт үзэн хоножээ.
Тэрбээр хоёр өдрийн өмнө/2021.1.6/ Вашингтонд үг хэлэхдээ сонгууль луйвардуулсан гэх байр сууриа дахин илэрхийлж байсан юм. Гэвч удалгүй барууны үзэлт иргэд Конгрессруу довтолж байгаа тухай мэдээлэл түүний чихэнд хүрсэн байна. Трамптай ойрын харилцаатай нэгэн эх сурвалж “Хэрэг явдлаас хойш Трамптай холбоо барих маш хэцүү байсан. Тэрбээр хэнтэй ч юу ч ярихыг хүсэхгүй байсан. Трамп өөрийнх нь хэлсэн үг хүмүүсийг тэгтэл нь турхирсан гэдэгт итгэхийг хүсэхгүй байсан” хэмээн мэдээлжээ.
Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, Капитолын ордонд нэвтэрч эхлэхэд Трампын туслахууд сандралдаж, үндэсний гвард дайчлахыг санал болгожээ. Тухайн үед Трамп хэсэг хугацаанд хэнтэй ч юу ч яриагүй бөгөөд удалгүй өөрийнх нь үг иргэдэд хүрнэ хэмээн найдаж, жагсагчдыг гэртээ харихыг, энх тайвныг эрхэмлэхийг уриалсан бичлэгээ цахим орчинд цацсан юм. Тэрбээр тус бичлэгт “Би та нарынхаа зовж, айж байгааг ойлгож байна. Бид сонгуулиа луйвардуулсан нь үнэн. Гэхдээ одоо бол та бүхэн гэр гэртээ харих хэрэгтэй. Бид энх тайвныг эрхэмлэх хэрэгтэй. Бид хуулиа хүндэтгэх ёстой. Би хэнийг ч гэмтээсэй хэмээн хүсэхгүй байна. Өдгөө бидний өмнө хамгийн хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Тиймээс та бүхэн гэр гэртээ харина уу. Та нар бол үнэхээр ухаалаг, үнэхээр онцгой хүмүүс. Би та нарт хайртай” хэмээн ярьсан аж.
Түүнчлэн Цагаан ордны хуульчид эрх мэдэлтнүүдийг хожмын асуудлаас зайлсхийхийн тулд Трамптай холбоо тогтоохгүй байхыг сануулж байсан гэнэ. Удалгүй Трамп болон тэргүүн хатагтайн туслахууд сайн дураараа ажлаа өгч эхэлсэн байна.
Хамгийн түрүүнд тэргүүн хатагтайн туслахуудын ахлах Стефани Гришам ажлаасаа татгалзаж байгаагаа илэрхийлэхэд үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мэтт Поттингер түүнийг дагажээ. Цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын нарийн бичгийн орлогч дарга, Цагаан ордны нийгмийн аюулгүй байдлыг хангах баг ажлаа орхиж, Трампын Умард Ирланд дахь тусгай төлөөлөгч Мик Мулвани “Би цаашид түүнтэй хамтран ажиллаж чадахгүй” хэмээгээд ажлаа өгсөн юм.