Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20,176 хүнээс шинжилгээ авсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр ‘Сүүлийн 3 хоногт бид Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдаас илрүүлэг шинжилгээ авсан. Уг үйл ажиллагааг нийслэлийн Онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага зэрэг олон хүний хүчээр маш өндөр зохион байгуулалттайгаар товлосон хугацаандаа амжиж амжилттай зохион байгууллаа.
Бид нийтдээ 20,176 хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор 18,300 орчим хүний шинжилгээний хариу гараад байна. Бусад шинжилгээ үргэлжлэн хийгдэж буй. Хариу нь гарсан 18,300 орчим сорьцоос 8 батлагдсан тохиолдлыг илрүүллээ.
Энэ шинжилгээний ажил нь Улаанбаатар хотод гараад буй короавируст халдварын тархалтыг хянах чухал ач холбогдолтой’ гэлээ.
Мөн ‘Ачтан эмнэлэгт гарсан халдварын голомтоос өнөөдрийн байдлаар нийтдээ 47 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 21 хүн байгаа бол бусад нь гэр бүлийн ойрын хавьтал, тэднээс дамжсан халдвар байна. ‘Тэнүүн огоо’ компанийн автобус баазтай холбоотой нийт 14 тохиолдол бүртгэгдсэн бол “Мөнххада” компанитай холбоотой 25 тохиолдол бүртгэгджээ.