Хөвсгөл аймгийн Ханх суманд 20 минутын өмнө дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга З.Баасансүрэн ‘Ханх суманд өнөөдөр 05.30 цагт хүчтэй газар хөдлөлт болж, бүх айл өрхөд мэдэгдсэн. Сумын тамгын газар, цэцэрлэг, сургуулийн барилгын хананд цууралт үүссэн. Өглөөнөөс хойш таван магнитудаас дээш найман удаагийн давтамжтай хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Сумын Онцгой комиссоос ард иргэдэд аюулгүй байдлаа хангах талаас нь зөвлөмж өгч, албан хаагчдаа тараагаад байна.
Сумын Засаг даргын Тамгын газар энэ жил хоёр давхар шинэ байранд орсон байсан. Саяхан 20 минутын өмнө маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, алба хаагчид байрандаа ажиллах боломжгүй боллоо. Одоогийн байдлаар хоёр давхар сургууль, цэцэрлэгийн барилга, захиргааны байр гээд гурван объектын хана цуурсан. Тиймээс сумын удирдлагууд Шуурхай штабынханыг нэг давхар байр руу нүүлгэн шилжүүллээ. Сумын иргэд айдастай байна. Ханх сумын зүгээс тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэхдээ иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байх тал дээр сумын Шуурхай штаб ажиллаж байна. Яг одоо хүчтэй газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол тооцох үйл ажиллагааг хийж байна’ гэлээ.