Даваа гарагийн орой Австрийн нийслэл Вена хотын төвд гарсан террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо гурав болсныг тус улсын дотоод хэргийн сайд өнөөдөр өглөө мэдээлжээ.
Амиа алдсан нэг эмэгтэй, хоёр эрэгтэй бүгд энгийн иргэд байсан байна. Үүнээс гадна 15 хүн шархдсаны дотор нэг цагдаагийн офицер байгаа ажээ.
Вена хотын төвд зургаан тусдаа халдлага зэрэг гарсан бөгөөд цагдаа нар нэг террористийг буудаж устгасан байна. Уг этгээд нь биедээ хуурамч тэсрэх бодис зүүсэн, Исламын Улс байгууллагын дэмжигч байсныг тогтоожээ. Мөрдөх ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул алагдсан этгээдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өчигдөр орой Вена хотод цар тахлын хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлэхийн өмнөх орой байсан тул гудамж зам хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Энэ үеэр автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү гал нээжээ.
Террористуудыг мөрдөх, эрэн сурвалжлах ажиллагаанд 1,000 орчим тусгай хүчний албан хаагч дайчлагдаад байгааг Австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгдсэн байна.
Тэрбээр иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
“Австри бол 75 гаруй жил хөгжсөн хүчтэй, төлөвшсөн ардчилсан нийгэмтэй, хүний үндсэн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дүрмийг дээдэлдгээрээ танигдсан улс. Өчигдрийн халдлага бол бидний эдгээр үнэт зүйлс рүү довтолсон халдлага байлаа” гэж Нехаммер телевизээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Европын Парис, Лондон, Берлин, Брюссель хотуудад террорист халдлагууд дараалан гарч байсан бол Вена хот харьцангуй тайван байсан юм.