АНУ-ын Чикаго хотод амьдардаг 14 настай С.Чингүүн хүү өсвөр насны алдарт Nickelodeon телевизийн “All That” инээдмийн цуврал шоуны шинэ улиралд тоглохоор 20,000 хүүхдээс сонгогдсон билээ.
Алдарт TIME сэтгүүлийн “2020 оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээнд шүүгчдийн багт ажиллаж амжилтаа ахиулсан монгол хүү АНУ-ын 74 сая хүүхдийг төлөөлөн илтгэл тавихаар болжээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болно. Тангараг өргөх ёслолын хүрээнд “Үндэсний хүүхдийн аян” төрийн бус байгууллага Америкийн хүүхдүүдийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Уг арга хэмжээнд С.Чингүүн илтгэл тавих хүүхдүүдийн нэгээр сонгогдсон баярт мэдээг дуулгажээ.
Дашрамд мэдээлэхэд Nickelodeon сувгийн өсвөр насныханд зориулсан “All That” инээдмийн цуврал шоу нь 1994-2005 онд үргэлжилж, үүнээс хойш 10 гаруй жил завсарласны дараа шинэ дүрүүдээ сонгон дахин сэргээсэн юм. Ингэхэд жүжигчин Чингүүн хүү Монголоос төдийгүй Азиас анх удаа уг шоунд багтсан гэдгээрээ онцлог ажээ.