Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын гэргий Д.Тунгалаг ил захидал илгээснийг та бүхэндээ хүргэж байна.
-Шинэ он гарсаар 13 хоног өнгөрлөө. Ханийг минь УИХ-ын гишүүний эрх дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгуулийн ажлаа хийж явахад нь хууль зөрчин хориод яг долоон сар болж байна.
Бид хоёр оюутны ширээнээс танилцан гэр бүл болж өнөөдөр гурван сайхан хүүхдийн ээж аав болон 28 жил амьдарч байна.
Энэ хугацаанд хань маань төрийн албанд жирийн мэргэжилтнээс газар хэлтсийн дарга, аймгийн дарга, салбар яамны сайд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Сайд хүртэл төрийн албанд хоёргүй сэтгэлээр 25 жил ажилласан. Миний хувьд төрийн ажлаа санаа зоволтгүй хийх бүх боломжоор хангахсан гэж хичээж ирсэн.
Улс төржихгүй, хий хоосон сайрхалгүй, амин хувийн эрх ашгийг хойш тавьж, хийж бүтээж зүтгэж ирснийг ханийн минь ажил хөдөлмөрийн зам мөр харуулдаг.
Сэлэнгэ нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, санхүүгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж ирсэн, Ерөнхий сайд болоод дампуурал зарлах хэмжээнд байсан улс орныг хүлээн авч нэг жилийн дотор эдийн засгийг сэхээнээс гаргаж чадсан гээд улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогчдын итгэл хүлээн гурвантаа сонгогдоод байна.
Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулиа баталсан өдөр.
Үндсэн хууль баталсан өдөртэй холбогдуулан би цөөхөн зүйл бичье. Аргагүй эрхэнд ханиа хоригдсоноос хойш хууль уншиж, хуульчидтай уулзаж, зөвлөгөө авч болоод байгаа зүйлийг судаллаа. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж анхнаасаа биелэгдэхүйц байх нь уг шийдвэр шударга, хуульд нийцсэн байхын гол шалгуур болдог юм байна.
Ханиас минь анх “10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул” гэж шаардсан. Бидэнд байтугай Монголын маань зарим аймаг сумдад ч байхгүй ийм биелэгдэшгүй шаардлага, хугацаат болзол тулгасан нь анхнаасаа баривчлах л ганц зорилготой нь тэр үед хэн хүнд ойлгомжтой байсан. Шүүхээс түүнийг Ерөнхий сайд байхдаа гаргасан Засгийн газрын тогтоолоор нь буруутган ял оноосон байдаг. Тэр үед Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Сэлэнгэ Төв аймгийн хилийн заагийг дамнан оршдог Ноён уулын газар нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авсан.
Гэтэл урьд өмнө тэр газруудад олон компаниуд лиценз эзэмшиж байсан бөгөөд уг талбай дээр өмнө нь хийсэн ажил, хайгуулд зарцуулсан зардал зэргээ тооцож нэхэмжилдэг түүнийг нь хуулийн дагуу олгодог юм байна.
Тухайн үед улсын эдийн засгийн байдалтай уялдаад мөнгөн хэлбэрээр төлбөр барагдуулах боломжгүй учир дүйцүүлэх хэлбэрээр өөр газруудад талбай олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдэлж, Төрийн ажил уялдаа холбоотой, залгамж чанартай ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар нь хэрэгжүүлдэг зарчмын дагуу хуулийн хүрээнд хийгдсэн байдаг.
ЗГ-ын тогтоол нь кабинетийн буюу хамтын зарчмын үндсэн дээр гаргадаг шийдвэр. Гэтэл хамтын шийдвэрийг нэг хүнд нялзааж шүүх шийдвэр гаргасан анхны тохиолдол нь энэ миний ханийн жишээ юм байна.
Хуульч нар болон тухайн үед хамтран шийдвэр гаргасан хүмүүс нь энэ тогтоолыг ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг баталдаг юм. Ер нь энэ мэтчлэн хамтын шийдвэр гаргасан Ерөнхий Сайд болгоноо хориод яллаад бид хөгжилд хүрэх бил үү.
Түүнийг дүүдээ газар өгсөн гэлцдэг. Гэтэл бодит байдал огт тийм биш, хуулийн дагуу дүйцүүлэхээр газар авсан арваад компаниудын нэг нь газраа худалдахад дүүгийнх нь компани бизнесийн зарчмаар худалдаж авсан байдаг. Үүнийг иргэд, хууль хяналтын байгууллага хууль бусаар өөртөө авсан мэтээр ташаа ойлгож байж магадгүй юм. Үнэндээ энэ нь тухайн компани ашигт малтмалын илэрцгүй болохоор нь худалдсан ийм л газар байдаг юм.
Бид ардчилсан соёлт нийгэмд амьдарч байгаа хэдий ч үр хүүхэд, эжий аав, элгэн саднаараа хамт яллагдан амьдын хагацлыг үзэж, хуудал хуурмагийг бие сэтгэлээрээ мэдэрч сууна. Гэхдээ үнэн эхнээсээ тодорч байгаа. Жишээ нь, миний нөхрийг гадныханд худалдчихсан гэж нийгмийн сүлжээгээр гүтгэсэн ХАРМАГТАЙН ордыг саяхан Засгийн газраас эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэлээ. Энэ нь Хармагтайн ордыг зарсан гэх мэдээлэл худал болохыг баталж байгаа ба хуулийн зөрчил байхгүйг нотоллоо. Амьдралд ч, улс төрд ч нэг нэр, нэг нүүрэндээ багтаж явдаг, жудагтай, ноён нуруутай, олонтой, шударга, зарчимч явж ирсэн нөхрийнхөө үйл хэрэгт би эргэлздэггүй.
Хэрвээ үнэхээр гэмт хэрэг хийсэн, тэр нь нотлогдсон бол, ингэж олон олон хуулийг зөрчин байж бүр ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ял оноох шаардлага байхгүй байсан байх аа гэж бодогдох юм.
Нийтээрээ нэг-амь болохын хувьд хамтдаа шоронд хоригдож байгаа манай гэр бүлийнхэн шударга ёс, хууль, үнэн ялагдаж байгаад харамсаж байгаа ч Хараат бусаар ажиллаж, шударга ёсны манаач байх Үндсэн хуулийн үүрэгтэй шүүх энэ алдаа хэлмэгдлийг залруулж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Энд би гомдол ярихаас илүү хууль ёсыг уландаа гишгэж, улмаар Монгол төрийн чадавхийг дордуулах үр дагавартай үйлдлийг хийж буй хүмүүст харамсаж байна. Яагаад гэвэл миний ханийн хэлснээр ҮЙЛ нь бас, ҮР нь үлдэх хорвоод хүнээрээ байх шиг эрхэм чанар үгүй билээ.
Гэхдээ үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Ардчилал, шударга ёс, хүний эрхийг хуулиндаа дээдэлсэн Монгол Улсад маань хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаад харамсаж, бид аргагүйн эрхэнд Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хүсэлт гарган хамтран ажиллаж байна.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль баталсан энэ өдөр би эмэгтэй хүний ааш, айдсаа нууж, төрийн зүтгэлтний гэргий гэдгээ санан тэвчиж, төрдөө итгэж, төрийн сүлдэндээ сүсэглэн залбирч үнэний өдөр ирэхийг хүлээж сууна.
Миний, ээжийн минь, үр хүүхдүүдийн маань итгэл сөхрөхгүй ээ, гэр минь эзгүйрч хоймор маань ханхайж, нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай ч бид аавтайгаа хамт, ханьтайгаа хамт, хүүтэйгээ хамт элэг бүтэн инээлдэн суух цаг удахгүй ээ гэж итгэл тээн чимээ чагнан хүлээнэ.
Энэ хүнд өдрүүдэд бидэнтэй, шударга ёстой хамт байгаа бүх хүнд баярлалаа. Миний ханийн мөн чанар, үнэн сэтгэл, нутаг орон, төрт засгаа гэсэн чин сэтгэлийг үнэлж мэдэрч төрд төлөөлөх төлөөллөө болгон сонгосон ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэчүүддээ, мөн надтай хамт байж зовлонг минь нимгэлж үрсээсээ, ижий нараасаа, хань ижлээсээ нуун урсгах нулимсыг мань арчин ойлгож түшиж байсан найз нар, ах эгч дүү нартаа, мөн үнэнийг дэнслэн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байсан хэн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна.
Монголын маань өрх бүр элэг бүтэн байж, бяцхан үрс нь инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай, өрлөг ижий бүр сэтгэл нь амар амгалан байх болтугай.
Бидэн шиг мянга мянган төрдөө зүтгэсэн төрийн хүний ар гэр зовлон үгүй амгалан тайван байх болтугай.
Төр минь зүтгэсэн хүндээ Ээлтэй байг.