Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ‘Гадаад орнуудад байгаа иргэдийг татан авах ажлыг тусгаарлах байрны нөөц бололцоондоо тааруулж зохион байгуулдаг. Улаанбаатар хотод нийт 39 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаа бөгөөд дотоодод гарсан халдварын ойрын хавьтлууд, гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж явдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 22 тусгаарлан ажиглах байранд 959 иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа.
УОК-ын Шуурхай штаб ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн өнөөдрийн байдлаар 2, 3 удаагийн захиалгат нислэгээр ирсэн 348 иргэдийг 6 тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байгаа.
Дараагийн тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор 6 байрны бэлтгэлийг хангуулсан.
Тусгаарлан ажиглах байранд мөрдөх түр журмыг мөрдөхөөс гадна тагнуулын байгууллагатай хамтран камерын хяналт тавьж байна. Камерын хяналтаар илрүүлсэн зөрчлийг тухай бүрд нь Шуурхай Штабт ирүүлдэг.
Тусгаарлах байр ногоон, шар, улаан гэсэн гурван бүстэй. Ногоон бүсэд хоол үйлдвэрлэлийн хэсэг хамаарах бөгөөд тухайн байгууллага хариуцдаг бол шар бүс нь улаан бүсэд үүрэг гүйцэтгээд гарч ирж байгаа албан хаагчид халдвар хамгааллын дэглэм баримтлах хэсэг юм. Улаан бүс буюу иргэдийг тусгаарладаг хэсэгт резидент эмч нар эрүүл мэндийн шаардлагатай тусламжийг үзүүлэхээс гадна хоол түгээх ажлыг хийдэг. Онцгой байдлын алба хаагчид бол резидэнт эмчид дэмжлэг үзүүлж ажилладаг. Харин цагдаагийн байгууллагын алба хаагчид аюулгүй байдал, харуул хамгаалалтыг хариуцаж үүрэг гүйцэтгэдэг юм’ хэмээн ярилаа.