Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг УИХ-аар хэлэлцэж байна.
У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэх үеэрээ өчигдөр төв талбайд болсон ард түмний тайван жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга улс төржүүлсэн хөрөнгө санхүүжилт хийсэн хэмээн хэлсэн билээ.
Тэрбээр өчигдрийн төв талбайд болсон жагсаалын талаар хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн.
Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ.Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Мөн чуулганы хуралдааны үеэр “ҮАБЗөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй Ерөнхийлөгч өө. Хэрвээ та, бид хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно гэдгийг би удаа дараа сануулж байсан. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой.
Тэр тусмаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон гүйцэтгэх засаглалынхан Монголын парламентаас гарсан хууль тогтоомжийг ягштал биелүүлэх ёстой. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй” хэмээн Ерөнхийлөгчид хандаж хэлсэн юм.
Тэгвэл хэрвээ түүний хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр тангаргаасаа няцаж, хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн дагуу ямар хариуцлага хүлээх вэ, цаашид юу болох вэ гэдгийг сонирхуулъя.
Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заажээ.
Мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 2-т зааснаар: Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөдөг. Тэгвэл…
1. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНГАРГААСАА НЯЦАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ НОТЛОГДВОЛ ЯАХ ВЭ?
Үндсэн хуулийн 35 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна,
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн тус тус заасан байна.
2. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРВОЛ ХЭН ОРЛОХ ВЭ?
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т: Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заажээ.
Өөрөөр хэлбэл, хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Ерөнхийлөгч Үндэс хуулийн дагуу хариуцлага хүлээж, огцорвол одоогийн УИХ-ын дарга Ш.Занданшатар түр орлох юм.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана гэж мөн хуульд заасан байна.
3. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРВОЛ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ ТОМИЛОГДОХ ВЭ?
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 зүйлийн 8-д: Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна хэмээн заажээ.