Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.
Ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр буюу 48 хувь, үйлчилгээний салбар 34 хувь, хөдөө аж ахуйн салбарт 32 хувь байна. Хөл хорио болон бүх нийтийн бэлэн байдлын үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авч байгаа аж. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн, төрийн бус байгууллагууд, төрийн өмчийн их дээд сургуулиудын 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сард ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалаас бусад/-ийг бүрэн чөлөөлж, аравдугаар сараас арванхоёрдугаар сард тэтгэврийн даатгалд таван хувь, 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сард тэтгэврийн даатгалд 8.5 хувиар шимтгэл төлүүлэн, үлдсэн тэтгэврийн даатгалаас нь хөнгөлж, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас нь чөлөөлсөн. Мөн дээрх хуулиар 2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын орлого нь өмнөх оноосоо 50 буюу түүнээс дээш хувиар буурсан эсхүл үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн даатгуулагчид сард 200 мянган төгрөгийн дэмжлэгийг дөрөвдүгээр сараас зургадугаар саруудад олгох ажлыг зохион байгууллаа.
Эдгээр үйл ажиллагаанд 38.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 410.7 мянган албан журмын даатгуулагч, 161.3 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж 664.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөөд байна. Мөн 7.3 мянган аж ахуйн нэгж байгууллагын 220.8 мянган даатгуулагчид ажилгүйдлийн даатгалын сангаас 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгожээ.