Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас Сovid-19 халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн онцгой комисс өчигдөр /2021.01.25/ шуурхай хуралдаж, оройн 20.00 цагаас эхлэн 16-р хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжуудыг энэ сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.
Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ. Мөн дүүргийн нэгдүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.
Хэрэв та хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос мэдээлжээ.