Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын өмнөд хязгаарын нэгэн тахианы фермд шувууны ханиад дэгдсэний дараа H5N8 вирус шувуунаас хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ.
Тус фермийн нийт долоон ажилтан уг вирусийн халдвар аваад байгааг ОХУ-ын засгийн газрын Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова өчигдөр мэдэгдсэн байна.
Тэрбээр вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн, халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайн байгааг мэдээлжээ.
Одоогоор уг вирусийн хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэнэ. Шувууны ханиадны вирусийн H5N8 хувилбар анх удаа хүнд халдсан тохиолдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгүүлсэн байна.
Оросын биотехнологийн Вектор лабораторийн эрдэмтэд халдвар авсан хүмүүсээс вирусийн генетик материалыг авч чадсан нь цаашид оношлуур, вакцин бүтээхэд хэрэгтэй чухал алхам болсныг Попова бас мэдэгджээ.
Вирусийн H5N8 хувилбар сүүлийн саруудад ОХУ, Европ, Хятад, Ойрх Дорнод, Умард Африкийн шувууны аж ахуйнуудад илэрч байсан ч хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.
Шувууны ханиадны вирусийн H5N1, H7N9, H9N2 зэрэг бусад хувилбарууд шувуунаас хүнд халдаж, зарим тохиолдолд хүний аминд хүрсэн нь бий.