Өнөөдрөөс /2021.02.23/ Улаанбаатар хотын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээж, хэвийн горимд шилжиж байна. Хэдийгээр үйл ажиллагаа нь нээгдэж байгаа ч халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байгааг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай юм. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж буй эсэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн газар хамтран хяналт тавих юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр 526 байцаагч худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавина.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтаар зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд эхний ээлжид торгууль ногдуулахгүй. Хэрэв заасан хугацаанд буюу 14 хоногоос нэг сарын дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд тухайн аж ахуй нэгжид торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.
Үсчин, гоо сайхан, фитнессүүд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нээж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Golden gym, Profit, Hawai зэрэг фитнесс үйл ажиллагаагаа нээжээ. Фитнессүүд зааландаа 15-20 хүн хүлээн авах зохицуулалттай ажиллаж байна.
Тухайлбал, Golden gym фитнесс зааландаа 20 хүн өглөө, оройны ээлжиндээ хүлээн авах ба халуун хэмжих, 1.5 метрийн зай барих зарчмыг баримталж байгаа аж. Мөн үсчин, гоо сайхны газрууд урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг сануулжээ.