Covid-19 цар тахлын аюул ард хоцроогүй ч вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж байна. Одоогоор дэлхийн 107 улс вакцинжуулалтаа эхлүүлж өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байгаа аж. Үүнийг улсаар нь тооцвол нэг улсад өдөрт 65 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг.
Тухайлбал, БНСУ вакцинжуулалтаа эхлүүлснээс хойш дөрөв хоногт 21 мянган иргэн хамрагджээ. Тус улс ирэх есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтад хамруулна хэмээн үзжээ. Мөн Японд өнөөдрийн байдлаар 31000 хүн вакцинжуулалт хамрагджээ. Тус улс өнгөрсөн сарын 17-нд вакцинжуулалтаа эхлүүлжээ.
Улс орнууд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн /“Файзер” , “АстраЗенека” , “Модерна”, “Спутник V” , “Синофарм” , Johnson&Johnson / вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Вакцин үйлдвэрлэгч улс орнууд иргэдээ олноор нь вакцинжуулалтад хамруулж байгаа бол импортлогч улс орнууд эхний ээлжид нэн шаардлагатай иргэдээ вакцинжуулалтад хамруулж буй.
Манай улсын хувьд Энэтхэг улсаас “астразенека” вакцин 150 мянган тун энэ сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Үүнээс хойш долоо хоногт 9531 албан хаагчдаа дархлаажуулаад байгаа юм. Энэ нь өдөрт дунджаар 1700 орчим хүн вакцинд хамрагдаж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Хэрэв энэ хурдаараа вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын 2-3 жил шаардлагатай гэх тооцоо ч байна.
Олон нийтийн зүгээс дархлаажуулалтын явц удаашралтай байгааг шүүмжилж буй. Шалтгаан нь, эмчийн үзлэгт орох ёстойгоос вакцинжуулалт удаашралтай байна гэх тайлбарыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч байгаа юм. Тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг хамруулах бол энэ долоо хоногоос хариу арга хэмжээний багийн гишүүдийг хамруулж эхэлнэ. Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан гэвэл цар тахлын үед зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, заавал эмчийн үзлэгт орох шаардлагатай байдаг. Мөн вакцин хийлгэсэн хүмүүсээ 30 минут ажиглах заалттай байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна” гэсэн юм.
Гэтэл улс орнуудын жишээнээс хархад вакцинжуулалтад хоногт 65 мянга гаруй хүн хамрагдаж байхад манай улс хоногт 1700 иргэнээ вакцинд хамруулж байна. Уг нь манай улс дэлхийд дархлаажуулалтын арга хэмжээг сайн зохион байгуулдаг орны тоонд ордог болохыг Шадар сайд асан Я.Содбаатар хоёр сарын өмнө хэлж байсныг энд тодотгоё.
Түүний хэлснээр Монгол Улс дархлаажуулалтын дэд бүтэцтэй тул аймаг сум хороонд ч вакцинжуулалт зохион байгуулах боломжтой аж. Харин Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтыг эхний ээлжид нийслэлд зохион байгуулж байгааг өмнө нь мэдээлж байв. Эхний ээлжид дараах үе шаттайгаар зорилтот бүлгээ дархлаажуулах юм.