Үндсэн хуулийн манаач, цэцийн гишүүдийг улс төрийн нам, бүлэглэлийн хараат гэсэн дайралт үе үе явдаг. Энэ нь тус гишүүдийг өөрчлөх, өөрийн хүнээ байршуулах цаашлаад хууль тайлбарлах, бодлого шийдвэр гаргахын дохио юм. Үндсэн хуулийн цэцдийн гишүүдийг өөрчлөх оролдлого улс төрийн сонгуулиас өмнө явагддаг нь ч нууц биш. Энэ нь улс орныг тогтворгүй болгох эхлэл суурь гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн яриа гарчээ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц МАН-ын тал уу? Ерөнхийлөгчийн талд уу ?…Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн бага суудлын хуралдаан баасан гарагт болж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэх маргааныг хэлэлцэх эсэхээр санал нэгдэж чадалгүй тарсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна. Улмаар асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулсан бөгөөд ҮХЦ-ийн гишүүд өдөр, цагийг товлолгүй тарцгаажээ.
Угтаа бол мэдээлэл гаргагч ХҮН-ын гишүүд ҮХЦ-д хандахдаа ‘өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй”’ байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээлэл гаргасан нь ҮХЦ-ийн хянан хэлэлцэх маргааны төрөлд яагаад ч багтахгүй байжээ. Эндээс л будлиан үүсэх шалтгаан бий болсон байх магадлалтай байтал сүүлдээ энэ сэдэв
цэцийн гишүүдийг ерөнхийлөгчтэй шууд холбох нь улс төр болж хувирчээ. Цэцдийн гишүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн хараат хүн байхгүй гэж зарим нэг нь ярьдаг юм билээ. Тийм атал ийм явуулга явж буй нь МАН доторх улс төрийн бүлэглэл хүчирхэгжихийн хэрээр нөлөөгөө тогтоох гэсэн явуургүй арга юм.
Албан бус мэдээллээр ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгийн бүрэн эрхийн хугацаа дуусчихсан бөгөөд ‘явах хүнээр ачаа бүү татуул’ гэдэг шиг түүний үүсгэсэн маргаан цэцийг хямралд оруулж байгаа бол өөрөө ирэх долоо хоногт чөлөөлөгдөх гэж гэж байгаа бололтой. Ингэхдээ тэрбээр Хөх хотод суух консулаар явах гэж байгаа тухай бор шувуу Төрийн ордноор нисэж байна. Хэрэв үнэхээр ийм тохироо хийсэн бол үндсэн хуулийн бус маргааныг зориуд хүлээн авч, цэцийг хөлдөө чирсэн явдал болох юм.
Б. Төгөлдөр