Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах 17 сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй энэ сарын 20-нд цахим хурал хийжээ.
Хурлаар аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлэхэд сум орон нутагт тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцжээ. Түүнчлэн хурлаас гарсан санал хүсэлтийг нэгтгэн аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулан ажиллахаар болсон байна. Мөн аймгийн Онцгой комиссоос сумын Онцгой комисст хүргэсэн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжил арга зүйн дэмжлэг, заавар, зөвлөмж, чиглэлийг өгчээ. Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан голомттой бүс нутгаас Сэлэнгэ аймгийн байнгын оршин суух бүртгэлтэй хаягтаа ирэх иргэдээ ойрын хугацаанд татан авах ажлыг зохион байгуулахыг сумын Онцгой комисст чиглэл болгон өглөө.
Мөн PCR болон түргэвчилсэн оношлуурын хүрэлцээ хангамж хомсдож байгаа учраас холбогдох дээд шатны байгууллагад санал хүсэлтээ хүргүүлэх. Үүний тулд сум орон нутагт байгаа PCR болон түргэвчилсэн оношлуурын судалгааг гаргаж хүсэлтээ ирүүлэхийг үүрэг болгосон байна. Цаашид аймгийн Онцгой комиссын шуурхай штабтай 14 хоног тутамд нэг удаа цахим хурал зохион байгуулж байх саналыг сумын удирдлагууд санал нэгтэй дэмжжээ.