Дархан-Уул аймагт Өвөрхангай аймгийн сувилалд амраад ирсэн гурван хүнээс Covid-19 халдвар илэрч, шинжилгээний хариу нь батлагджээ. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас өчигдөр /2021.03.22/ өдөр 16.00 цагийн орчимд мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн ‘Сэмжид-Хужирт’ сувилалд амарч, Дарханд ирсэн 17 иргэнээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авахад 19.30 цагийн байдлаар эхний гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Батлагдсан гурван тохиолдлын хоёр нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэн энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дарханд очжээ. Халдвартай иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааны ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэжээ.