Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны төлөөлөгчдийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн болон Хаан банкны удирдлагууд оролцож “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс 2020 онд 69 мянган ажлын байр алдсан байна. Холбогдох байгууллагуудын гаргасан судалгаанаас үзэхэд эдийн засгийг идэвхжүүлэхгүй бол энэ оны гуравдугаар улирал гэхэд нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байгаа аж. Тиймээс энэхүү зээлийг эхний ээлжинд ажлын байрыг нэмэхэд бус зөвхөн эргэлтийн хөрөнгөөр дамжуулж ажлын байраа хамгаалж үлдэхэд дэмжлэг болгох зорилго дэвшүүлсэн бөгөөд одоогоор 1200 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 98 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Тус зээлийг олгоход аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж байгаа бөгөөд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас батлан даах боломжийг бий болгосон гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.