Ардчилсан намынхан өчигдөр /2021.03.28/ цахимаар болон цаасаар хоёр талд сонгууль зохион байгуулж, дарга нараа сонголоо. Тодруулбал, хоёр талд өрнөсөн энэхүү сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийг М.Тулгат, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлох болж байна. Хоёр талаас нийт есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг тэд авчээ.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягийн мэдээллээр М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан бол Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ч.Өнөрбаяр 1479.33 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус, тус авсан байна. Нийт 30077 гишүүн цахимаар саналаа өгчээ.
Харин О.Цогтгэрэл нийт гишүүдээс хэдэн санал авсан нь тодорхойгүй ч дөрвөн нэр дэвшигчээс хамгийн олон саналыг аваад байна гэж Ц.Тувааны талынхан мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Нийт 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс О.Цогтгэрэл 55 хувиар нэр дэвшигчээ тэргүүлж байна” гэж мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, нэр дэвшигчээ тодруулах цаг хугацаа ойртож буй энэ цаг мөчид Ардчилсан нам ойлголцолд хүрээгүй, хоёр талд сонгууль зохион байгуулсан нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойлоо ч өрсөлдүүлэх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй байна. Учир нь, хоёр тал хамгийн олон санал авсан хүмүүсийнхээ нэрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд санал болгоно.