Авлига авсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, эдэлж байсан Эрчим хүчний сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр суллагджээ.
М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад ‘Хотгол зам’ компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн авлига авсан хэмээн буруутгаж, шүүхээс ял оноосон байсан юм.
Тэрбээр 2012 онд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн нэрээр УИХ-д сонгогдон, Эрчим хүчний сайдын алба хашиж байхдаа дээрх хэрэгт нэр холбогдсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт шоронд ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлсний нэг нь Эрчим хүчний сайд асан М.Сономпил бол нөгөө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч, гурван жилийн хорих ял авсан байсан Г.Солтан юм.